
2026 оны Канад Улсын Засгийн газрын санхүүжилт бүхий i-LEAD төсөл Канадын Иргэн төвтэй үйлчилгээний стандартын талаар мэдээлэл хүргэх сургалт зохион байгуулж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдах түвшний нийт 59 албан хаагч (27 эмэгтэй, 32 эрэгтэй) хамруулав.
Сургалтыг Канад Улсын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн яамны дэд сайд асан, төрийн албанд 35 гаруй жил ажилласан туршлагатай Зөвлөх Cюзан Инграм удирдан, Канадын иргэн төвтэй үйлчилгээний арга барил, зарчмыг танилцууллаа.
Тэрээр “Иргэн төвтэй үйлчилгээний үндсэн мөн чанар нь засаглалын тогтолцоонд иргэдийг нийцүүлэх бус, харин иргэдийн эрэлт хэрэгцээ, туршлагад үндэслэн төрийн үйлчилгээг загварчлахад оршино” хэмээн онцолж байв. Сургалтаар иргэн төвтэй үйлчилгээ нь төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болох тухай тодотгосон.
Энэхүү сургалтыг i-LEAD төслийн тэгш хүртээмжтэй, иргэн төвтэй засаглалыг бэхжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулав.
